Friday, Oct 24th

Last update12:30:33 PM GMT

  •  
You are here:: Нийтлэл, илтгэл Баруун бүсийн хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах асуудалд

Баруун бүсийн хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглах асуудалд

Хэвлэх PDF

Доктор, профессор А.Бакей1
Доктор (ScD), профессор Ш.Дэмбэрэл2

1- Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч,
Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор

2- Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн,
Хөдөө аж ахуйн их сургуулийн Инноваци, технологи дамжуулах төвийн захирал

Хураангуй

Баруун бүсийн хөгжилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ихээхэн нөөц боломжтой. Тус бүсийн аймгуудын дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрэж байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн шинэ нөхцөлд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэн хөтлөх арга технологийг шинжлэх ухааны үндэслэлтэй  боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор тавигдах боллоо. Иймд энэхүү илтгэлд Баруун бүсийн хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн хүчин зүйлийг хэрхэн ашиглаж болох талаар өгүүлнэ.

 

Удиртгал

Манай орны Баруун бүсэд улсын нийт хүн амын 15.2 хувь,  малчдын 30-аад хувь нь амьдарч, нийт мал сүргийн 28.1 хувь,  тариалангийн талбайн 4.5 хувь тус тус ногдож, улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувийг үйлдвэрлэдэг. Бүсийн эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд зарим талын ахиц дэвшил байгаа хэдий ч нэг талаар хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөгөөр, нөгөө талаар байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас тус салбарын хөгжилд шинэ сорилтууд тулгарах болжээ. Эдгээр сорилтуудыг даван туулахын тулд юуны өмнө өөрчлөгдөж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үйлдвэрлэлийн технологи, арга ажиллагааг энэ салбарт нэвтрүүлэх шаардлага тавигдаж байна. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтад тулгуурлаж салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, цаашид тогтвортой хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна.

 

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллагуудын чадавхи

Баруун бүс нутгийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх улмаар оюуны багтаамж өндөртөй бүс нутгийн нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын олон жилийн нөр их оюуны  хөдөлмөрийн үр дүнд бүтээсэн шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийн бүтээгдэхүүнийг бүтээлчээр ашиглах явдал шийдвэрлэх ач холбогдолтой юм. Салбарын шинжлэх ухаан технологийн үйл ажиллагааг  саяхан байгуулагдсан Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбар академийн зохицуулалтын дор Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харьяа  салбарын төрөлжсөн 4 хүрээлэн (Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн), бүсийн эрдэм шинжилгээ-сургалтын 3 салбар, эрдэм шинжилгээний ба сургалт-эрдэм шинжилгээний 6 төв бүхий сургалт-шинжлэх ухаан-үйлдвэрлэл-бизнесийн цогц систем  байдлаар ажиллаж байна. Ихэвчлэн биологийн зүй тогтолтой амьтан ургамал дээр туршилт, судалгаа явуулдаг тус салбарын хувьд судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил зарим талаар ихээхэн цаг хугацаа шаарддаг боловч ч сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнгийн дийлэнх нь үйлдвэрлэлд шууд нэвтэрч үр ашгаа өгөх боломжтой байгаагийн дотор шинэ ба шинэчилсэн технологи 20 орчим, биобүтээгдэхүүн 26.0 хувийг тус тус   эзлэж байна.

Салбарын  эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын бий болгож туршин сорьж,  баталгаажуулсан эдгээр шинэ бүтээгдэхүүн, технологи, сорт, үр, суулгацыг худалдан авсан үйлдвэрлэгчид жилд дунджаар 4.8 тэрбум төгрөгийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь   Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг эзэлдэг  гэсэн тооцоо ч байна. Хэдийгээр эрдмийн ажлын үр өгөөжийг дээшлүүлэх нь салбарын шинжлэх ухааны гол зорилтын нэг боловч судалгааны ажлын онол, арга зүйн төвшинг дээшлүүлэх замаар  үр дүнгийн үндэслэлийг гүнзгийрүүлж, салбарын ирээдүйн хөгжлийн   чиг хандлага, эерэг, сөрөг нөлөөллийг тооцож, орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан судалгаа шинжилгээний ажлын үр дүнг оновчтой инновацийн бүтээгдэхүүн болгон хувиргах явдал  ихээхэн чухал юм.

Хэдийгээр санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж, нөхцөл хязгаарлагдмал байсан ч сүүлийн жилүүдэд салбарын хүрээлэнгүүдийн лабораторийн багаж төхөөрөмж, боловсон хүчний хангамж, судалгааны арга зүйн төвшин сайжирсаар байгааг тэмдэглэхэд таатай байна. Зөвхөн өнгөрсөн хоёр жилд улсаас хийсэн хөрөнгө оруулалтын дүнд салбарын эрдэм шинжилгээний байгууллагад  Биотехнологийн инкубатор, Хөдөө аж ахуйн технологийн парк, Экосистемийн судалгааны төв, Экстеншиний сургалтын төв шинээр байгуулагдаж молекул генетикийн, эсийн өсгөврийн, пестицидийн зэрэг 10–аад лаборатори шинээр ашиглалтад орлоо. Гадаад хамтын ажиллагаанд ч зохих ахиц гарч, судалгааны ажлын нийтлэг болон тусгай хэрэглээний багаж, төхөөрөмжийн хангамж сайжирч байгаа нь чухал үзүүлэлт мөн. Тухайлбал, Японы олон улсын байгууллагын  (ЖАЙКА) тусламж болон хоёр талын хамтын ажиллагааны  шугамаар Мал эмнэлгийн хүрээлэнд Малын дархлал судлалын төвийг тоног төхөөрөмж, боловсон хүчнээр иж бүрэн хангаж, үйл ажиллагааг нь тогтмолжуулсанаар  малын өвчний оношлогоо, сэргийлэлт болон ургамлын нөмрөг, экосистемийн чиглэлийн судалгааг  дэлхийн төвшинд хийх боломж бүрдэж, зарим тохиолдолд манай судлаачид гадаадад уригдан ажилладаг болсон юм. Энэ үйл ажиллагаанд Олон улсын цөмийн энергийн агентлагаас хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй  төслүүд, бусад төсөл хөтөлбөрүүдийн оролцоо, туслалцааг ч зүй ёсоор үнэлж байна.  Монгол Улсаас дэлхийн шинжлэх ухааны нээлтэд 6 нээлт бүртгэгдсэний 4–ийг нь хөдөө аж ахуйн тэр дундаа  мал эмнэлгийн салбарын ахмад эрдэмтэд гаргасныг дурдахад нэн таатай байна.

Эдүгээ Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харъяа хүрээлэнгүүд 40 гаруй  шинжлэх ухаан технологийн төсөл, онолын  судалгааны сэдэвт ажил гүйцэтгэдэг бөгөөд эдгээрт улсын төсвөөс шинжлэх ухаанд зориулан зориулсан нийт санхүүжилтийн 15 гаруй хувь нь ногддог.

Эдгээр төсөл судалгааны үр дүнд боловсруулагдсан малын төрөл бүрийн өвчинтөй тэмцэх дэвшилт  технологи, шинэ бүтээгдэхүүн малын үүлдэр, үүлдрийн хэсэг, омог, үр, сорт, зэргийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн инкубацид оруулахын тулд юуны өмнө үйлдвэрлэгчид, салбарын мэргэжилтнүүдийг урьдчилан сургаж, дадлагажуулах, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бэлтгэл хангаж, нийтийн сэтгэл зүйг шинэ зүйлийг хүлээн авах орчин нөхцөлийг  бүрдүүлэх шаардлага гарч байгаа юм. Энэ асуудлыг иж бүрнээр шийдвэрлэхэд инновацийн бүтээгдэхүүн, технологийн чиглэлийн экстейншний сургалт чухал ач холбогдолтой хэмээн үзэж, Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Экстейншиний сургалтын төвийг өргөжүүлэх замаар салбарын Инноваци, технологи дамжуулах төвийг саяхан байгуулсан билээ. Энэхүү төвд салбарын шинжлэх ухаан технологийн шинэ мэдээллүүд, бүтээгдэхүүний  технологи, шинэ эм  тарилга, малын үүлдэр, тарималын  үр, сортуудын технологийн өгөгдөхүүн, ашиглах заавар зэргээс гадна гадаадын шууд авч ашиглах мэдээллийн санг бий болгож байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэгчид зориулсан төрөлжсөн богино хэмжээний сургалт, үзүүлэх сургууль, үзэсгэлэн зохион байгуулж ирсэн уламжлалт үйл ажиллагаа үргэлжилнэ. Ингэснээр энэхүү төвийн үйл ажиллагааг эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэрлэл, бизнесийн байгууллагыг холбосон гүүр болгон ашиглах юм.

 

Хөдөө аж ахуйн шинжлэх  ухаан, технологийн үр дүнг ашиглах боломж

Мал аж ахуйн чиглэлээр. Мал сүргээ адгуулан маллаж ирсэн түүхэн уламжлал, байгалийн шалгарлын дүнд бий болсон биологи, аж ахуйн нөөцөд  тулгуурлан  малчид, мал аж ахуйн мэргэжилтэн, эрдэмтэдийн олон жилийн турш явуулсан шинжлэх ухааны үндэстэй, чиглэсэн зорилго бүхий сонгон үржүүлгийн үйл ажиллагааны үр дүнд эдүгээ ижил нас хүйсний малаас үндсэн ашиг шимийн үзүүлэлтээрээ 40 хүртэл хувиар давуутай  37 үүлдэр, хэсэг, шилмэл омгийн 5 төрлийн нутгийн малтай болсон бөгөөд тэдгээрийн 32.4 хувийг (хонины -6, ямааны -4, адууны -1, тэмээний -1) Баруун бүсийн аймгуудад үржүүлж байгаа юм.  Эдгээр ажлуудыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс толгойлон бүс нутгийн эрдэм шинжилгээний  байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн билээ.

Бүс нутгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх энэхүү удам зүйн томоохон нөөцийг ашиглах замаар   баруун бүсийн аймгуудад дээрх  үүлдэр омгийн малын цөм сүргийн үржлийн  хэсгүүдийг (хонины 7, ямааны 5, адууны 1, тэмээний 1) манай судлаачид бий болгосон.  Эдгээрийн дүнд малын үүлдэрлэг байдал дээшилсээр байна. Тухайлбал Увс аймагт гэхэд л хонин сүргийн 40 гаруй хувийг баяд хонь эзэлж, толгойн тоогоороо  хагас сая орчимд хүрсэний дээр Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн  ямаан сүргийн  10-50 хүртэл хувийг ноолуурын чиглэлийн ямаа эзлэж байна. Увс аймагт явуулсан олон жилийн үржлийн ажлын дүнд махлаг, хурдны шинж чанар түлхүү илэрсэн Тэс омгийн адууны цөм сүрэг бий болгосон нь адуун сүргийн ашиг шимийг сайжруулахад чухал үр дүнгээ өгсөн юм. Түүнчлэн Говь –Алтай аймагт  бүдүүвтэр ноост Говь-Алтай хонь өргөн тархжээ.

Зураг 1. Баруун бүс нутагт үржүүлж буй адуун сүргийн удам

Манай судлаачид зохиомол хээлтүүлэг, хөврөл үр шилжүүлэн суулгах арга технологийг Баруун бүсийн мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой. Тодорхой нөхцөл боломжид тулгуурлан цэвэр үүлдрийн мал үржүүлэх боломж байгаа бөгөөд эдгээрийн дотор махны үүлдрийн үхэр, хонины  үржүүлэг ихээхэн ирээдүйтэй байж болох талтай юм.

Мал сүргийн удамшлийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглахад бэлчээр, тэжээлийн хангамжийг сайжруулах, түүний дотор  тэжээлийн таримал бий болгох, хадланг усжуулах, бэлчээрийг хамгаалан сайжруулах,  цаашилбал ургамалын төрөл бүрийн хортон, шавьж царцаатай  тэмцэх  арга технологийг ч шинэчлэх талаар ч зохих үр дүнтэй судалгааны ажил хийгдсэн болно. Гагцхүү судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн төрийн санхүүжилт дутагдалтайн зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавх сул байгаагийн улмаас дээр дурдсан оюуны бүтээлүүд эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуй жилд 1000 гаруй га–д тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалж, 1-2 удаа ургац авч, 5-6 мянган тн таримал тэжээл бэлтгэж байсан уламжлалыг  сэргээж, улмаар тэжээлийн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг байгуулж ажиллуулах  ялангуяа, царгас мэтийн тэжээлийн уурагт ургамлын  тариаланг хөгжүүлэх нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гол нөхцөл болох ёстой.

Зураг 2. Баруун бүс нутагт үржүүлж буй ширүүвтэр ноост хонины үүлдэр

Зураг 3. Мөн бүс нутагт тархсан махны чиглэлийн үүлдэр

Мал эмнэлгийн чиглэлээр. Манай үндэсний шинжлэх ухааны ууган салбаруудын нэг болох мал эмнэлгийн шинжлэх ухаан нь  үүсэн хөгжсөн богино хугацаандаа тус улсын мал, амьтны халдварт, паразиттах болон халдваргүй өвчнүүдийн оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрийн орны онцлогтой уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, түүнд хэрэглэгдэх биобүтээгдэхүүний үндэсний технологи, арга, аргачлалыг зохион бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр онолын болоод хавсрага судалгааны ажлыг гүйцэтгэн мал сүргийг эрүүлжүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Салбарын шинжилгээ-судалгааны ажлыг Мал эмнэлгийн хүрээлэнд  төвлөрүүлэн мал, амьтны халдварт, паразит, халдваргүй өвчний гэсэн үндсэн 3 хэсэгт хамаарах төрөлжсөн чиглэлүүдээр  гүйцэтгэж байгаа бөгөөд нийтдээ шинэ бүтээл, патент 114-ийг гаргаж, 120 гаруй шинэ вакцин, эмчилгээний  ийлдэс, оношлуур, төрөл бүрийн эм, бэлдмэлийг зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Эдгээрийн дотроос  цусан халдварт өвчнөөс сэргийлэх амьд вакцин, сохор доголын вакцин, поли В  уургийн эсрэг төрөгч бүхий бруцеллёзийн байгалийн халдвар, вакцины урвалыг ялгаварлан таних болон адууны халдварт цус багадалт, эгэл биетнээр үүсгэгддэг өвчнүүдийн оношлуур, хордлогот эмгэгүүд, төлийн өвчин, үржлийн болон бодис солилцооны эмгэгтэй тэмцэх, малын гадна, дотно шимэгчтэй тэмцэх орчин үеийн шинжлэх ухаанд тулгуурласан арга технологиудыг Баруун бүсийн малын өвчинтөй тэмцэхэд эрчимтэй ашиглах нь илүү ач холбогдолтой гэж үзнэ. Ингэснээр Баруун бүсийг  олон улсын стандартад нийцсэн эрүүл мал бүхий бүс нутаг болгох замаар  ирээдүйд  мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүний дотор мах экспортлох эдийн засгийн менежментийн нөхцөл  боломжийг бүрдүүлэх  нь зүйтэй.

Тус салбар шинжлэх ухааны судалгааны ажлын дийлэнх нь шинэ үеийн биотехнологийн ололтод  тулгуурласан  молекул биологийн судалгааг эрчимтэй явуулж, малын зарим өвчнийг найдвартай сэргийлэх амьд, аюулгүй болон мутант, рекомбинант вакцин, пробиотик бэлдмэл, ELISA-оношлогооны дан өвөрмөц эсрэгтөрөгч, конъюгатууд, цаашилбал, полимеразын гинжин урвалын праймер, дан язгуурт эсийн эсрэгбием зэргийг эх орондоо бэлтгэх технологи боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар багагүй зүйлийг хийж байна. Эсийн физиологи, биохими, эмгэг физиологийн судалгааны орчин үеийн арга зүйг ашиглах замаар  төрөл бүрийн хордлогыг оношлох, сэргийлэх, халдваргүй болон үржлийн эрхтэний  өвчний эмгэг жамыг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлсэн.

Зураг 4. Мал эмнэлгийн хүрээлэнгийн зохион бүтээсэн эмчилгээ, сэргийлэлтйин эм, бэлдмэл

Мал, амьтны оршин тогтнохын язгуур үндэс болсон  өөриймших, ондооших үйл явц монгол нутгийн жилийн дөрвөн улирлыг даган өөрчлөгдөх  бөгөөд зун намрын улиралд ихэвчлэн эерэг, өвөл хаврын улиралд сөрөг буюу ондооших үйл ажиллагаа давамгайлах шинж ажиглагдах нь нийтлэг үзэгдэл ажээ. Энэхүү биологийн үйл явц ч Баруун бүс нутагт бүр ч илүү анхаарал татах зүйлийн нэг юм. Эрдэмтэдийн  судалгаанаас үзвэл, одоогоор ашиглагдаж буй  111.3 сая га бэлчээрийн ногоо зуны улиралд малын тэжээлийн хэрэгцээг   бүрэн хангах боловч ургац нь  зуныхтай харьцуулахад  өвөл, хаварт  53-35 хувь хүртэл буурч өөрчлөгдөхийн зэрэгцээ шимт чанар нь зун намрынхаасаа өвөл хаварт бараг 2 дахин, уургийн хэмжээ нь 3-4 дахин буурдаг ажээ. Үүнээс улбаатайгаар  мал сүрэг намрын сүүлч, өвөл, хаврын улирлын цасан бүрхүүлтэй бэлчээрт үе үе болох хүчтэй салхи, хавсраганд  200 гаруй хоногийг   дутуу идэштэй явахаас  гадна  хээл тээлт, төллөлт, хөхүүл явах гэх мэтийн физиологийн ачаалалтай үеүүдийг даван туулахтай холбогдсон  ихээхэн энерги, шимт бодисуудын хангамж, тэсвэрт чанар шаардсан хүнд нөхцөл байдлыг даван туулдаг. Усны дутагдалтай холбогдон олон зүйлийн эмгэгүүд үүсэж байна. Өвлийн улирлын усан хангамжийг цасанд найдаж болмооргүй байна. Цас бол нэрмэл уснаас төдийлөн ялгаагүй учир маш амархан эрдсийн дутагдалд оруулж болох талтай.

Хэдийгээр монгол мал энэхүү ачааллыг даван туулахад зохицсон гэх боловч тухайн үйл явцад  сүргийн доторхи чамгүй хэсэг нь төрөл бүрийн шалтгаанаар өвчин эмгэгт нэрвэгдэж,  хээл хаях, сул дорой  үр төл гаргах, цаашилбал, сүрэг сэлбэх үндсэн бүрэлдэхүүн болох  нэг наст мал, төлийн дотор өвчлөл,  хорогдол тууштай буурахгүй байна. Эдүгээ бидний зүгээс  халдварт өвчин, шүлхий, боом, паразит өвчинтөй тэмцэхэд багагүй анхаарал хандуулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлж байгаа хэдий ч түүнээс ч дутахгүй олон малыг авч оддог    халдваргүй өвчний шалтгаантай  хорогдол  айл өрх бүрийн хотонд чимээгүйхэн  газар авсаар  байгаад дүгнэлт хийж, хэтэрхий хожимдоогүй дээр нь  төр засгийн болон мэргэжлийн байгууллага, аж ахуй эрхлэгчдээс  анхаарал тавьж, дорвитой арга хэмжээ авах цаг болсон гэдгийг ч хэлэх нь зүйтэй байна.

Том болон төлийн халдваргүй эмгэгийн үед ашиглах олон төрлийн эм, биобүтээгдэхүүнээс  амьсгалын замын эмгэгийг эмчлэх Акритракт, мэс засал, үржлийн эмгэгтэй тэмцэх Стеллорол, Неогистол 1,2,3,4, төлийн тэжээл боловсруулалтыг идэвхжүүлж, ходоод гэдэсний гүйлгэх эмгэгийг эмчлэх Лактобактерийн гаралтай пробиотикууд зэрэг нь тус бүс нутагт зохимжоор илүү байх болно.

Цаашид сонгомол аргаар зохион бүтээсэн вакцин  ийлдэс, оношлуур ургамал амьтны гаралтай эм бэлдмэлийн идэвхит чанарыг дээшлүүлэхэд орчин үеийн арга, тухайлбал,  ДНХ-ийн эрлийзжүүлэг, генийн инженерчлэл, ген шилжүүлэн суулгах,  эд зохицлын иж бүрдэл,  цагаан эсийн гадаргуугийн ялгарлын кластер,  идэвхжүүлсэн эсүүдийн шүүрэл болох  интерлейкинүүд болон  интерферон зэргийг ашиглах  судалгаа, шинжилгээг эрчимжүүлэн, төгөлдөржүүлэх  чиглэлээр нэлээд анхаарах бөгөөд энэ чиглэлээр бүс нутгийн мэргэжлийн байгууллага мэргэжилтнүүдтэй хамтран  ажиллах болно.

Цаашид Баруун бүс нутагт мал аж ахуйн чиглэлээр:

  • одоогийн бий болсон үүлдэр, үүлдэрийн хэсэг, омгийн малыг тухайн нутгийн үндсэн сайжруулагчаар ашиглахын хамт цөм сүргийн тоо, толгойг олшруулж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах;
  • сайжруулсан болон цэвэр үүлдрийн мал сүргийн генетик нөөцийг бүрэн ашиглах хэмжээнд бэлчээр, тэжээлийн хангамжийг сайжруулах шинжлэх ухаанд тулгуурласан менежмент, бизнесийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • ган зудаас мал аж ахуйг хамгаалах тэжээлийн баазыг бүрдүүлэхэд шинэ таримал сортуудын үрийг үржүүлж, бүс нутгийн хэрэгцээг хангахын зэрэгцээ доройтсон талбайд ургамлан нөмрөг бий болгох, цөлжилтийг сааруулах, хөрсний үржил шимийг сэргээх, олон наст ургамалтай ээлжлэн тариалалтын арга, технологийг өргөн хэрэглэх;
  • орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурлах замаар олон улсын стандартын шаардлагыг хангасан  эрүүлжсэн мал сүрэг бүхий бүс нутгийг бий болгож, баталгаажуулахын хамт, мах боловсруулах өндөр технологи бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлж, махны экспортыг нэмэгдүүлэх;
  • бүс нутгийн онцлогтой уялдаа бүхий халдварт, халдваргүй, шимэгчийн өвчинтэй тэмцэх орчин үеийн арга, биобүтээгдэхүүнийг сонгон ашиглах шаардлагатай гэж үзнэ.

Газар тариалан, ургамлын аж ахуйн чиглэлээр. Буудай, арвай бусад үр тарианы   сортууд, тариалах технологи: Тус бүс нутагт Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн онол, арга зүйн удирдлага, зохицуулалтын дор Увс, Ховд аймгууд дахь салбарын судлаач эрдэмтэдийн явуулсан олон жилийн судалгааны дүнд усалгаатай тариаланд дасан зохицсон халтар арвайн “Сутай” сортыг бүтээж, Винер, Алагэрдэнэ сортуудыг нутагшуулан, тариалах технологийг боловсруулж нэвтрүүлсэний дээр  Их нууруудын хотгорт буудайн 200 гаруй сортыг судалгаа,  тариалах технологийг усалгаатай, усалгаагүй нөхцөлд явуулсны үр дүнд тариалах үрийн норм тогтоож, буудайн Цагаан дэглий  сортыг шинээр бий болгож,  Албидум-43, Кандегирская-89 сортуудыг нутагшуулсан.

Зураг 5. Зусах буудайн Кандегирская сорт

Буудайн Кандегирская-89 сортын элит үр үйлдвэрлэж, өндөрлөг бүсийн 7 аймгийн 10 сумыг хангаж ирсэн уламжлалтай билээ. Эдүгээ тус бүс нутгийг хамран явуулсан судалгааны ажлын явцад усалгаатай нөхцөлд дасан зохицсон  буудайн Дархан 131, Бурятская-34 сортуудыг шалгаруулахын хамт арвайн Сутай, хошуу будааны Алтан бороо, хөх тарианы Онохойская сортуудын үр үржүүлж, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн тариалан эрхлэгчдийг  сайн чанарын элит үрээр хангах ажил хийгдэж байна. Улаангомын салбараас буудайн Цагаан дэглий сортын үрийг үржүүлж, Увс аймгийн услалтын систем бүхий аж ахуйн нэгжүүд болон  Сэлэнгэ, Булган аймгийн зарим сумдыг хангадаг болов.  Буудайн  Албидум-43, Кандегирская-89 сортын үр үржүүлгийн Увс аймгийн Баруунтурууны усалгаатай, усалгаагүй нөхцөлд гүйцэтгэж байна.

Тэжээлийн болон тос техникийн таримал сортуудын талаар: Ховд дахь Алтайн бүсийн салбарт хийгдсэн судалгааны ажлын дүнд тосны наранцэцгийн Енисей, маалингийн Лён кудряш, рапсын Кулундинская, шар буурцгийн МК-78, олс, амарантын №1 сортуудыг нутагшуулсан ба тэдгээрийг тариалах технологийг боловсруулж нэвтрүүлсэн. Ховдын Буянт, Увсын Улаангом, Завханы Шар тал, Говь-Алтайн Гуалин зэрэг газарт 1970 оноос хадлан бэлчээрийн тариамал ургамлын сорт судалгаа явуулж хошуу будааны Ровесник сортыг 2009 оноос нутагшуулж, бог будааны Абаканская кормовое, судан өвсний Туран-2, царгасны Абаканская-3, Хуцэнгийн Тасхил сортуудыг нутагших ирээдүйтэй сортоор шалгаруулаад  байна.

Зураг 6. Монгол улсын газар нутгийн бүс бүслүүр

Жимс жимсгэний сортууд: Баруун бүс нутаг жимс жимсгэний тариалан эрхлэх боломж харьцангуй сайтай нутгийн тоонд орно. Тухайлбал,  1960 оноос Увс, Ховд аймагт жимсний туршлага станцууд байгуулагдаж, алимны Белыи налив, Боровинка, бэсрэг алим, чацаргана, үхэр нүд, чавганы 10 гаруй сортыг нутагшуулсан.

Улаангомын туршлага станцад үржүүлэн буй болгож, зохиогчид нь төрийн соёрхол хүртэж байсан Алтайн чацаргана нь эдүгээ монголын брэнд, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүний нэг болоод байна. Чацарганы Улаангом, Тэс, Чандман сортуудыг шинээр гарган авч, Увс, Ховд, Говьалтайд өргөн тариалж байна. Зэрлэг чацарганы нөөцийн судалгаа, үйлдвэрийн аргаар дарс, шүүс, тос боловсруулах технологи үйлдвэрлэлд нэвтрээд байна.

Зураг 7.Орон нутагт үржүүлж буй давжаа алим

Төмс, хүнсний ногооны шилдэг сортууд, тариалах технологи: Баруун бүс нутаг нь төмс, хүнсний ногооны тариалангийн уламжлалтай нутаг гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Бүс нутагт хийгдсэн судалгааны ажлын дүнд төмсний Завхан-35, байцааны Хургалаг, саримсны Завханы улаан хальст, тарвасны Буянт-1 сортуудыг бүтээж шар луувангийн Шантане, шар манжингийн Шведская жёлтая, хүрэн манжингийн Бордо, өргөст хэмхийн Алтайский ранний-166 сортуудыг нутагшуулсан болно. Мөн лоолийн Сибирский скороспелий-1640,  бөөрөнхий сонгины Бессоновский, Стигуновский сортыг үрслэгээр болон үрээс төл сонгино, үр гаргаж авах технологи боловсруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээр уг бүтээгдэхүүний  бүсийн хэрэгцээг хангадаг болсон юм.

Газар тариалан, ургамлын аж ахуйн талаар явуулсан судалгааны үр дүнд тулгуурлан:

  • бүс нутгийн цаг агаар, орчин нөхцөлд дасан зохицож, баталгаажсан буудайн  сорт болоод халтар арвайн үр үржүүлэх үйл ажиллагааг өргөжүүлж, арвайн гаралтай  бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх  бодлого барьж ажиллах;
  • тарималын, түүний дотор буудайн тариалангийн услалтын системийг (Хархираа 2000 га, Баруунтуруун 2000 га, Улаанхотгор 800 га, Торхилог 800 га) бүрэн хүчин чадлаар ашиглах боломж бүрдүүлэхийн хамт хур тундасны хуваарилалт, уур амьсгалын  өөрчлөлтийг нарийн тооцсон судалгаанд тулгуурлан  өндөрлөг бүсийн атаржсан талбайг тариаланд эргүүлэн ашиглаж бүс нутгийн хэрэгцээг дотооддоо хангах арга хэмжээ авах;
  • Баруун бүс нутагт чацарганы цэвэр сортын цэцэрлэг байгуулахын хамт  чацаргана, үхрийн нүдний сортын цэвэр суулгац жилд 200 мянган ширхэг үйлдвэрлэх, чацаргана хураах, хадгалах, боловсруулах технологи сонгож, чацарганы тос, сиропийг экспортод гаргаж, улмаар монголын брэнд болгох ажлыг дэмжих;
  • Улаангом дахь судалгааны салбарт шар луувангийн Шантане, шар манжингийн Шведская жёлтая сортын болон Завханы улаан хальст саримсны үр, бөөрөнхий сонгины хар үр үйлдвэрлэх ажлыг өргөжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, бүсийн төдийгүй улсын хэрэгцээг хангах арга хэмжээ авахын хамт, Ховдын тарвас тариалангийн үйлдвэрлэлийг  өргөжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь үр дүнтэй болно.

 

Дүгнэлт, санал

  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон үйлдвэрлэлийн технологи боловсруулж хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэх нь нэн чухал байна.
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн нэгэнт буй болсон чадавхи, нөөц боломжийг үйлдвэрлэлд үр дүнтэй ашиглахын тулд эрдэм шинжилгээний байгууллага-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
  • Ховд аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Алтайн бүсийн салбар, Увс аймаг дахь  эрдэм шинжилгээний хүрээлэнг бэхжүүлж, бүс нутгийн хөгжилд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэхэд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх нь чухал ач холбогдолтой юм.